Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН УУР АМЬСГАЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

Шинэчлэгдсэн: 2024-03-18 17:25:14

Газарзүйн байрлал, хил хязгаар: Говь-Алтай аймаг нь Монгол улсын баруун өмнөд хэсэгт хойд талаараа Завхан аймаг, зүүн талаараа Баянхонгор аймаг, өмнө талаараа БНХАУ, баруун талаараа Ховд аймагтай хиллэж Улаанбаатар хотоос 1037 км зайд оршдог.     

Говь-Алтай аймаг нь 141,7 мянган хавтгай дөрвөлжин км нутгийг эзлэн далайн түшинөөс дээш 721-4226 метр хүртэл өргөгдсөн газар нутагт оршдог. Хойноосоо урагш сунаж тогтсон газар зүйн байршилтай.

Тус аймаг нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ улсад 2 дугаар байранд орж Монгол улсын газар нутгийн 10 хувийг эзлэж байна.   

Газрын гадарга, байгалийн бүс, бүслүүр: Аймгийн нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд Алтайн уулархаг их муж, Говийн их мужид багтах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв, говь цөлийн бүсэнд оршино. Гэхдээ бага зэрэг хээр тал болон өндөр уулын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг. Монголын нэрт газарзүйч, академич С.Цэгмэд Говь-Алтай аймгийн гадаргын хэв шинжийг  “нутгийн өмнөд ба хойт талаар бэсрэг уулын хэв шинжтэй бөгөөд нутгийн хойд хэсгээр Алтайн ар говийн цав толгод, нутгийн дунд хэсгээр Монгол ба Говь-Алтайн уулт тогтолцоо, нутгийн өмнөд хэсгээр Алтайн өвөр говийн цав толгод” гэсэн мужууд байна хэмээн тодорхойлсон байна. 

                                                  

Говь Алтай аймгийн газрын хотгор гүдгэрийн байдал: Аймгийн нутгийн дунд хэсгийг Монгол Алтай нурууны үргэлжлэл,  хойд ба  өмнөд хэсэг нь Сутай, Аж богд, Хасагт хайрхан, Хантайшир, Идрэн, Гичгэний нуруу зэрэг баруун хойноос зүүн урагш цувран тогтсон далайн түвшнээс дээш 3000-4226м хүртэл өргөгдсөн өндөр уул нуруу эзлэнэ. Уулсын ар өврөөр Захуй, Зарман, Цэнхэр номин, Хүйс, Шарга зэрэг өргөн уудам говьтой. Томоохон говь, хотгор хонхоруудын гадаргын үнэмлэхүй өндөр 743-1100 орчим метр, өөрөөр хэлбэр д.т.д дунджаар 1000 гаруй метр өргөгдсөн Хүйс, Шарга, Захуй, Зарман, Отгоны, Шаралдайн, Номин, Загт сайрын, Хар сайрын, Зүүн гарын, Талын, Наран сэвстэйн, Төхөм, Цагаан дэрс, Шал, Улаан шалын хоолой, Хонин ус, Бигэр, Халиун зэрэг Монголын нэрт гарсан 33 говийн 10 гаруй нь оршдог. Эдгээрээс хамгийн нам өндөрлөгтэй нь Цэнхэр номингийн говь юм. Аймгийн хамгийн өндөр мөнх цаст Сутай хайрхан уул далайн төвшнөөс дээш 4090 метр өндөр бөгөөд үүнээс гадна Ажбогд /3802 м/, Бурхан буудай  /3765 м/, Алаг хайрхан /3738 м/, Хасагт хайрхан /3578 м/, Бүс хайрхан /3393 м/, Буга хайрхан зэрэг байгалийн үзэсгэлэнт өндөр уулс оршино. 

Уур амьсгал: Аймгийн газар нутгийн хотгор гүдгэрийн ялгаа ийм их байгаа явдал уур амьсгалын эрс тэс ялгаатай байдлыг улам их болгоно. Мөн төв Азийн элсэн цөлийн нөлөө их, уул нурууд нь говь цөлийн бүсэд лав нэвтэрч орсон болохоор газар нутаг нь нийтдээ хуурайших, говийн шинж байдал бараг уулын орой хүртэл илэрдэг. Мөн хамгийн өндөр уул нурууд нь нутгийн баруун хойд захад орших учраас баруун ба баруун хойд зүгээс ирэх чийглэг агаарын урсгал тэдэнд хаагдан хур тунадасны дийлэнх хэсэг нь уулсын салхин талд орж, нутгийн гүн тийшлэх тутам хур тунадас хомосдоно. Үүнтэй уялдан гол мөрний сүлжээ бага, уул нуруунаас эх авсан түргэн урсгалтай жижиг гол горхи байвч усны нөөц багатай байдаг. Жилийн дундаж агаарын температур 2000 метрээс дээш өргөгдсөн газар нутагт -40C…-10C байхад 1000 метр хүртэл өндөрт буюу говь, хоолойгоороо +50C хүрнэ.

                                                

Жилийн хамгийн хүйтэн сар нь аль ч нутгаараа нэгдүгээр сар байх бөгөөд ууландаа -170C…-190C, тал бүрээсээ өндөр уулс нуруугаар хүрээлэгдсэн хөндий, говь, хоолойгоор -200C…-230C хүрдэг байна. Жилийн хамгийн дулаан сар нь аль ч нутагт долдугаар сард байдаг бөгөөд агаарын дундаж температур нь ууландаа 150C, говь, хоолойгоор 200C...240C дулаан байдаг. Өвөл зуны дундаж температурын агууриг ууландаа 250C, говьдоо 470C, харин үнэмлэхүй их, бага температурын хувьд ууланд 750C, говьд 900C хүрч температурын хэлбэлзэл өндөр уулын бүсэд харьцангуй бага, говьд их байдаг ажээ. Зуны улиралд хөрсний гадаргад 650C...700C хүртэл халдаг учраас хөрсний гадаргад температурын хэлбэлзэл бүр ч их /1100C ...1200C/ байдаг.

Агаар хуурай, хөрснөөс уурших чийгийн нөөц бага учраас жилийн дулаан улирлын дундаж харьцангуй чийгшил ууландаа 50-60%, говьдоо 30-50% аас хэтэрдэггүй байна. 30%- аас бага чийгтэй өдрийн тоо ууландаа жилд 50-70, говьд 70-119 байдгаас үзвэл агаар нэлээд хуурай ажээ. Зарим өдөр харьцангуй чийгшил ууланд 9-10%, говьд 3-4% хүртэл буурах явдал ч байдаг. Агаар нэгэнт хуурай болохоор хур тунадасны хэмжээ нийтдээ бага байна. Далайн түвшнээс дээш 2500м буюу түүнээс дээших газар нутагт жилд 260мм, дулаан улиралд 236мм хур тунадас унаж байдаг бол 2000м-ээс дээших нутагт жилд 180мм, дулаан улиралд 170мм, 1000-1500м өргөгдсөн нутагт жилд 50-80мм, дулаан улиралд 40 70мм унадаг байна.                                                                                                 

 Харин ууландаа цас эрт ордог бөгөөд өндөр уулын бүсэд анхны цас олон жилийн дунджаар 8-р сарын эхний 10 хоногт, эцсийн цас 6-р сарын эхний 10 хоногт орж байна. Энд жилийн бараг 188-200 хоногт нь цасан бүрхүүлтэй байна. Харин уулын хээр, ялангуяа говийн бүсэд тогтворвой цасан бүрхүүл бараг тогтдоггүй, тогтсон ч   24-50 хоногоос хэтэрдэггүй байна.

Говь-Алтай аймгийн нутаг нийтдээ салхины нөлөөнд нилээд автагдсан байна. Жилийн дундаж салхины хурд 2-5м/c хүрнэ. Ялангуяа хавар салхи ихтэй байдаг. 10 м/c –ээс дээш салхитай өдрийн тоо 2600м ээс дээших нутагт жилд 123, 2000м хүртлэхэд 37-85, говьд 60-122 хүрдэг.

           

Харин 15 м/c-ээс их хүчтэй салхитай өдрийн тоо өндөр ууланд 30-35, 2000м хүртлэхэд 23-28, говьд 30-33 хүрдэг байна. Нэгэнт салхи ихтэй болохоор шороон шуурга ууландаа жилд  35-37, говьд 56-59 өдөр шуурдаг байна.            

Цаг уур, орчны технологийн хэлтэс

                                                                         Email: deegii_919@yahoo.com                                                                                                                                                                                                             

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН УУР АМЬСГАЛЫН ТОДОРХОЙЛОЛТ 2017-05-12 2024-03-18 5000
Уур амьсгалын тодорхойлолт 1 2016-11-08 2024-03-18 995